Багшийн ёс зүйн дүрэм

Боловсрол, соёл, шинжлэх

                                                                             ухааны сайдын 2007 оны

                    41 дүгээр тушаалын хавсралт

Áагшийн ёс зүйн дүрэм

Нийтлэг үндэслэл

          Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм.

          Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Үндсэн хууль",  бусад хууль тогтоомж, "Боловсролын тухай" багц хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын "Хүүхдийн эрхийн конвенци"-д заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш энэхүү "Багшийн ёс зүйн дүрэм"-д захирагдана.

 

Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго

  • 1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршино.
  • 1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.

 

Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ

 

2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:

 

          2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,

          2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр  сургууль завсардуулахгүй байх,

          2.1.3  Суралцагчийн хувийн  нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,

          2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,

          2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,

          2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

          2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.

 

2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:

 

          2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,

          2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх,

          2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих,

          2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэхгүй байх,

 

2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:

 

          2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,

          2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,

          2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,

          2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,

          2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,

          2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.

 

2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:

 

          2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байх,

          2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,

          2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох,  нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг урьдал болгох.